03 сарын 05, 2024
Хотын зурвас: Хүн доромжилж зугаацдагаа хэзээ болих вэ?
Хотын зурвас: Хүн доромжилж зугаацдагаа хэзээ болих вэ?

“Тэнгисийн эрэг дээрх 24/7” шоу нэвтрүүлгийн оролцогчид.

Аливаа асуудлаар нийгэмд хандсан уриалга, мессэж хүргэдэг "Хотын зурвас"-аа хүлээн авна уу.

Өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдэд олон нийтэд цацагдсан “Central” телевизийн “Тэнгисийн эрэг дээрх 24/7” шоу нэвтрүүлэг монголын үзэгчдэд шинэлэг, сонирхолтой, үзүүштэй байлаа. Ямартай ч бид амралтын өдрүүдэд нүд хужирлах шоу нэвтрүүлэгтэй болж, залуус хоорондоо хэрхэн хайрын романс үүсгэхийг дэлгэцээр харах боломжтой болов.

Гэвч бидний ямар ч сайхан зүйлийг тоглоом тохуу болгож, хэн нэгнийг цахим орчинд доромж байдлаар ялгаварлан гадуурхаж, түүгээрээ зугаацаж таашаал авдаг хорт зуршил энэ шоуны оролцогчдыг тойрсонгүй.  Тэднийг тоглоом тохуу болгож, бах таваа хангаж эхэллээ. Хэн ч, юу ч үзсэн ямар нэгэн мэдрэмж, сэтгэгдэл төрөх нь гарцаагүй. Түүнийгээ илэрхийлэх нь ч чөлөөтэй. Харин тэр мэдрэмжээ илэрхийлэхдээ бусдыг гутаан доромжилж, тоглоом шоглоом  болгох нь бүдүүлэг, хүний эрхийн мэдрэмжгүй үйлдэл юм.

Билгүүний нас, Ихэрсувдын гадаад төрх, Чинзо, Энхжин нарын арьсны өнгө нь тэднийг ялгаварлан гадуурхаж, доромжлох шалтаг болов. 32 настай юм байж, энд юу хийж яваа юм бэ? гэх сэтгэгдлээр эхэлсэн оролцогч Билгүүнийг гадуурхсан, бас өмгөөлсөн бичвэрүүд  одоог хүртэл цахим орчинд өрнөсөөр. Гэхдээ бид заавал өөрт төрсөн бодол, мэдрэмжээ цахим орчинд бусадтай хуваалцах шаардлагагүй. Энэ тохиолдолд чимээгүй байх сонголт бас бий.

Миний зүрх том, нээлттэй гэж хэлснийхээ төлөө шоуны панелист Батаагаас эхлэлтэй тоглоом тохууны бай болж буй оролцогч Ихэрсувдыг гадаад төрхөөр нь ялгаварласан гэж хэлж болно. Түүнийг шууд доромжилсон өнгө аяс байхгүй ч хэлсэн үгтэй нь холбож, цахим орчинд шоолох, тоглоом тохуу хийх хандлага гаргаж буй нь ёс зүйгүй.  Хувь хүмүүсээс гадна, хандалт авах гэсэн сайтууд, зарим олны танил залуус хүртэл хэлсэн үгийг нь ашиглаж, рийл, бичлэг оруулж буй нь эрүүл бус хандлагыг нь илэрхийлнэ. 

428693915_990465905901205_562024815447582539_n 

Ингээд зогсохгүй Чинзориг, Энхжин нарыг арьсны өнгөөр нь илт доог, тохуу хийсэн постууд өчигдрөөс гарч эхлэв. Мөн л нэр бүхий хандалтын төлөөх цахим хуудсуудын нийтэлсэн зурагт “Дэлхийн бүх цайруулах тосыг хэрэглэдэг ч гэрээс гардаггүй, би”, “Долоо хоног  …. уулгүй, гэртээ өнжсөн байрны ах” зэргээр хүнийг арьс өнгөөр нь ялгаварлан гадуурхсан, утга агуулга шууд харагдана. Энэ бүхэн оролцогчдод таатай санагдахгүй нь мэдээж. Тэднийг хараад ямар ч мэдрэмж төрж болно. Харин өөрт төрсөн сэтгэгдэл, мэдрэмж бүхнээ бодож тунгаахгүйгээр  цахим орчинд цацах хэрэгтэй юу?  

Нөгөө талаас нь харвал “Central” телевизийн хамт олон хөрөнгө мөнгө, хүч хөдөлмөрөө зарцуулж, олон улсын хэмжээний  шоу нэвтрүүлэг бэлтгэж, үзэгчдийг үзэх юмтай болгов. Гэтэл бид тэр шоунд зориг гарган оролцсон залуусыг доош нь хийж, тоглоом тохуу болгож суух нь зөв үү? 

Ганц энэ шоу ч биш, бүхий л зүйлд ийм бүдүүлэг, сөрөг хандлага гаргадаг нь өнөөгийн цахим орчин дахь  хүмүүсийн  үнэн төрх. Хүн доромжилж зугаацдагаа хэзээ болих вэ! монголчуудаа.