Сонгуулиар үндэсний хувцсаа өмсөх нь төрөө хүндэтгэж буй хэлбэр
Сонгуулиар үндэсний хувцсаа өмсөх нь   төрөө  хүндэтгэж буй хэлбэр

М.Мөнхдалай

Шинэ үеийн залуус үндэсний хувцасны загвар, өнгө төрхийг орчин үеийн хувцас загвартай хослуулах үзэгдэл сүүлийн жилүүдэд эрчээ аваад буй. Тэд  өв соёлоо гээлгүй, авч үлдэх гэж эрмэлзэж байна. Иймд тэмдэглэлт баяр төдийгүй, өдөр тутамдаа үндэсний хувцас гоёлоороо гоёдог залуусыг цувралаар та бүхэнд танилцуулж байгаа билээ. Манай энэ удаагийн зочин М.Мөнхдалай. 

Тэрбээр нийгмийн ухааны багш мэргэжилтэй. Нийслэлийн ерөнхий боловсролын Тавдугаар сургуульд ажилладаг. М.Мөнхдалай сурагчдадаа үндэсний хувцасны онцлог, давуу чанаруудыг тайлбарлан, таниулах, үлгэрлэх зорилгоор тогтмол өмсдөг аж. Залуу үедээ өв уламжлалаа өвлүүлэн үлдээх, улмаар үндэсний үйлдвэрлэлээ дэмжих, цаашид дээл, хувцсыг тогтмол өмсөж хэвшүүлэхийг мөн тэдэнд уриалдаг байна.“Gen Z” үеийн хүүхдүүдэд аливаа зүйлийг биечлэн үзүүлж, сонирхуулах нь үр дүнтэй гэдгийг онцолж байсан  юм. 

monhdalai2 М.Мөнхдалай

Тэрбээр “Залуус бид үндэсний хувцсаа цагаан сар, наадам, болон түүхэн тэмдэглэлтөдрүүдээр зайлшгүй өмсөх ёстой. Эдгээр  өдрүүд болон дээл бол бидний бахархал мөн. Монголчууд бид мандах төрийн малгай, тэгш төрийн дээл, бүтэх төрийн бүс, хаан төрийн хантааз, түших төрийн гутал хэмээн хүндэтгэн нэрлэдэг шүү дээ. Миний бодлоор дээл бол ахуйгаасаа үүдэж зохиогдсон хувцас учир бидний биеийн онцлог, мөн байгаль цаг уурын нөхцөлд тун сайн зохицсон хувцас. Тийм болохоор дээл өмссөн хүн намбатай, өв тэгш харагддаг” хэмээн ярилаа.

Тэрчлэн үндэсний баяруудаас  гадна Монгол Улсын иргэний сонгох эрхээ эдэлж сонгуульд оролцож, санал өгөхдөө үндэсний хувцсаараа гоёх нь утга учиртай  гэдгийг онцолсон юм. Учир нь төрд өөрийн төлөөллөө сонгохдоо, үндэсний хувцсаа өмсөж очих нь  төрөө дээдэлж, хүндэтгэж буй нэг хэлбэр гэлээ.