Баянзам нүүрс тээвэрчдийн холбооноос Тогтвортой хөгжлийн төлөө клубийн сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Манай улс өнгөрсөн онд түүхэндээ хамгийн их хэмжээгээр буюу 80 гаруй сая тонн нүүрс экспортолж 30 их наяд төгрөгийн орлого олсон. Гэвч улсын орлого өсөхийн хэрээр нүүрс тээврийн салбараас ажил амьдралаа залгуулдаг олон мянган жолоочийн орлого буурч, өр ширэнд орж эхэлсэн байна. Ийм нөхцөл байдал үүсэхэд БНХАУ-ын хөрөнгө оруулалттай тээврийн компаниудыг дэмжсэн төрийн бодлого нөлөөлсөн гэж “Баянзам тээвэрчдийн холбоо”-ноос мэдээлж байна.
Ковид цар тахлын үеэр нүүрс тээврийн жолооч нар хэсэг хугацаанд өндөр ашигтай ажиллах зурвас үе тохиосон гэж хэлж болно. Энэ нь нүүрсний хэрэгцээгээ яаралтай хангаж, дэлхийн зах зээл худалдаалах гэсэн БНХАУ-ын бодлоготой шууд холбоотой байв. Тухайн үед нүүрс тээврийн жолооч нар нэг удаагийн тээврээр 30 сая хүртэл төгрөгийн ашиг олох боломж бүрдсэн. Иймээс жолооч нар өөрсдөө 200-300 сая төгрөгөөр том оврын машин худалдан авч тээвэрт явж эхэлсэн. Гэтэл ковидын дараа нөхцөл байдал эсрэгээрээ болж, одоо өрөө дарж чадахгүй хүнд нөхцөлд орсон гэдгийг хэлж байна.
Учир нь “Эрдэнэс тавантолгой” ХК-тай оффтейк буюу урьдчилан тохирсон, ам үнийн нөхцөлтэй гэрээ хийсэн Чалко, ЖАСН, Норинко, Чайна энержи зэрэг компаниуд өөрсдийн компаниудаар дамжуулан тээврээ хийж эхэлсэн. Тэд 100 гаруй компаниар дамжуулан 6000 тээврийн хэрэгслийг тээвэрт явуулж байна. Хуулийн дагуу гадны иргэд тээвэр хийх зөвшөөрөл авах боломжгүй ч Өмнөговь аймгийн иргэдийн нэр дээр компани байгуулан, тусгай зөвшөөрөл авдаг. Мөн нүүрс ачиж буулгах терминалуудыг хүртэл нутгийн иргэдээр дамжуулан бараг бүгдийг нь эзэгнэсэн гэж “Баянзам тээвэрчдийн холбоо”-ны тэргүүн М.Нямжав, удирдах зөвлөлийн дарга П.Баярхүү нар Тогтвортой хөгжлийн төлөө сэтгүүлчдийн төлөөлөлтэй уулзах үеэр олцолсон юм.
“Баянзам тээвэрчдийн холбоо”-ны тэргүүн М.Нямжав, удирдах зөвлөлийн дарга П.Баярхүү нар.
Дээрх оффтейк гэрээтэй компаниуд нүүрс тээврийн 80 орчим хувийг эзлэх болсон. Харин үлдсэн 20 гаруй хувь буюу “Эрдэнэс тавантолгой” ХК уул уурхайн биржээр дамжуулан худалдсан нүүрсийг жолооч нар хямд үнээр зөөдөг. Ингэхдээ тендер зарлаж, хамгийн бага үнэ хэлсэн компанид тээвэр хийх эрх олгодог юм байна.
Ийнхүү ковидын өмнө “Эрдэнэс тавантолгой” ХК-тай 40 гаруй компаниуд хоёр талт гэрээ хийж 400 гаруй тээврийн компанийн 15000 тээврийн хэрэгсэл нүүрс зөөдөг байсан бол одоо зөвхөн тендерт ялж чадсан компанийн цөөн тооны компаниуд тээвэр хийдэг болсон. Хэдийгээр бага үнээр тээвэр хийж байгаа ч ахуй амьдралаа залгуулахын тулд хийхээс өөр сонголтгүй гэж жолооч нар хэлж байна.
Энэ нь нүүрс тээврийн зөвшөөрөл олгох, тээвэрлүүлэх эрх мэдлийг нь тухайн нүүрсний компаниудад шууд олгосонтой холбоотой. Тухайн компаниуд ашигтай ажиллахын тулд зах зээлийн үнээс доогуур хамгийн бага ханшаар тээвэр хийлгэх сонирхолтой болсон. Үүнийг нь ч төрөөс бодлогоор дэмжсэн байна. Гэтэл нөгөө талд нь олон зуун мянган хүний ар гэр, амьдрал ахуй дордох шалтгаан болжээ. Монгол Улсын валютын нөөц нэмэгдэж, төрийн өмчит компаниуд нүүрсээ амжилттай зарах нь мэдээж зөв. Гэвч олон зуун хүний амьжиргаагаа залгуулдаг нүүрс тээврийн салбарыг хөсөр хаяад зогсохгүй, оффтейк гэрээтэй Хятадын компаниудад хүртэл өөрсдөө тээврээ хийх боломжийг бүрдүүлж өгсөн нь Монгол хүнээ бодоогүй буруу шийдвэр гэж үзэж байна.