02 сарын 11, 2025
Монгол Улс авлигын индексээр долоон байр урагшилжээ
Монгол Улс авлигын индексээр долоон байр урагшилжээ

Монгол Улс авлигын индексээр долоон байр урагшилж, 114-т бичигдлээ. "Транспэрэнси интернэшнл" олон улсын байгууллагаас жил бүр улс орнуудын төрийн албан дахь авлигын талаар шинжээч бизнес эрхлэгчдийн судалгаан дээр үндэслэн авлигын төсөөллийн индексийг боловсруулдаг. 

Өнөөдөр  2024 оны дүнг дэлхий нийтэд зарлаж,  манай улс 33 оноогоор 114 дүгээр байрт орлоо.

Энэ жилийн хувьд 114 дүгээр байрт манай улсаас гадна Беларус, Лаос, Филиппин, Ангола зэрэг зургаан улс багтжээ. Ази-Номхон далайн онцлох бүс нутгуудын төрийн салбарын авлигын төсөөллийг 0-100 хүртэлх оноогоор дүгнэдэг бөгөөд 0 оноотой бол өндөр үзүүлэлт, 100 бол маш цэвэр хэмээн тооцдог байна.

Манай улс өнгөрөгч онд 33 оноогоор дүгнэгдэж байсан бол энэ онд мөн ялгаагүй 33 оноо авчээ.

Энэ жилийн судалгааг Дани улс долоо дахь жилдээ 90 оноогоор тэргүүлж, Финлянд улс 88 оноогоор хоёрт, Шинэ Зеланд улс 84 оноогоор гуравт жагслаа.

Б.Лувсанпэрэнлэй