Зам тээврийн ослын улмаас гал түймэр гарч, улмаар олон хүн, амь нас, эрүүл мэнд эд хөрөнгөөрөө хохирсон. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд Улсын онцгой комисс энэ тухай дэлгэрэнгүй танилцуулсны дараа тодорхой шийдвэрүүд гаргалаа. Ингээд хуралдааны шийдвэрийг тоймлон хүргэе.
- Үүргээ гүйцэтгэж яваад дэлбэрэлтэд өртөж, амиа алдсан гурван албан хаагчийн ар гэрт тус бүр гурван өрөө байр олгоно. Төсвийг нь нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөнөөс гаргах бөгөөд “Буянт-Ухаа-2” хорооллоос байр өгөх юм байна.
- Гал түймрийн улмаас эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсон иргэдэд дэмжлэг үзүүлнэ. Одоогоор 60 айлын орон сууц галд өртсөн тул зочид буудалд амьдарч байна. Тухайн айлуудын орон сууцны засварын мөнгө болон засвар дуусах хүртэлх хугацааны түрээсийн төлбөрийг Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс гаргана.
- Автомашин нь шатсан иргэдийн хохирлыг хууль, шүүхийн байгууллага хэргийг эцсийн байдлаар шийдсэний дараа буруутай этгээдээр төлүүлнэ. Засгийн газраас “Дашваанжил” ХХК-ийг зөвшөөрөлгүй газ тээвэрлэсэн гэж мэдээлсэн бол тус компанийн зүгээс орон нутагт тээвэр хийх зөвшөөрөлтэй байсан гэх тайлбар өгөөд байна. Мөн осол гаргасан хоёр жолоочийг баривчлаад байгаа юм.
- Тэсэрч дэлбэрэх аюултай бодис тээвэрлэх стандарт, дагаж мөрдөх журмыг сайжруулах зорилгоор ажлын хэсэг байгуулна. Ажлын хэсэг стандарт, дүрэм журмыг бүх шатанд мөрдүүлж, нэг мөр цэгцэлнэ гэв.
- Ерөнхий сайдын зүгээс Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаярт газар олголттой холбоотой асуудлаар нээлттэй сонсгол явуулах үүрэг, чиглэл өгөв.
- Онцгой байдлын ерөнхий газарт шаардлагатай техник хэрэгсэл, тоног төхөөрөмжид шаардагдах тооцоолол гаргаж Ерөнхий сайдад танилцуулах үүрэг өгөв. Өнөөдрийн байдлаар онцгой байдлын албанд 300-350 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай. Энэ оны төсөвт үйл ажиллагааны зардалтайгаа нийлээд 50 гаруй тэрбум төгрөг төсөвлөсөн гэж ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян мэдээлэв.